Tuesday, December 8, 2009

Монголын соёлын түүх

Монголын соёлын түүх
Энэ ном их олдоц муутай юмаа. Номын сан бүрд ч байгаад байдаггүй. Их дээд сургуулиудын номын санд л ганц ганц ч юмуу байх юм. Нэг удаа уншчихсан байхад ч монголынхоо соёл уламжлалыг ерөнхийд нь мэдээд авчихаар л юм. Нэг уншаад дахиад нэг харчихад бол монголын хэл урлаг соёл гэхчилэн зүйлээс асуухад хариулчих бололцооны мэдлэгтэй л болмоор юм байна. Ер нь бол түүх соёлоо мэдэх нь зүйн хэрэг шүү дээ.
Миний хувьд бол соёл судлалын хичээлийн бие даалт байсан болохоор их яарч хийсэн ч чамлалтгүй юм мэдэж авсан шүү. Цаашид ч хэрэгтэй.. Өөр хэн нэгэнд бас хэрэг болох болов уу гээд оруулчихъя.

Нэгдүгээр бүлэг

Эртний хүмүүсийн өлгий нутаг

1. Чулуун зэвсгийн үеийн соёл
Палеолит /Хуучин чулуун зэвсэг/
Өнөөгийн Монгол улсын нутагт хүн анх оршин амьдрах болсон асуудал бол зөвхөн манай орны төдийгүй дэлхий дахины хүй нэгдлийн түүхийн судалгааны онц сонирхолтой чухал хэсэг юм. 20р зууны 20оод оноос Америкийн эрдэмтэн Г.Ф.Осборн, В.П.Метью, Д.Блек нар хүн төрөлхтөний анхны өвөг буюу бичин хүн орчин үеийн хүний байдалд шилжсэн өлгий нутгийн нэг нь Төв Ази, түүний салшгүй хэсэг болсон Монгол орон байж болох тухай онолыг дэвшүүлсэн билээ. Тэдний бодлоор 70аад сая жилийн тэртээ Төв Азид уул нуруу үүсэх процесс явагдаж, гуравдагч галвын сүүлч, дөрөвдөгч галвын үед анхны хүн энд бий болсон гэдэг.
Энэхүү онолыг шалгах зорилгоор 1922-1925 онд Америкийн Байгалийн түүхийн музейгээс Р.Ч.Эндрюсээр удирдуулсан Төв Азийн тусгай экспедицийг Монголд илгээж, Хаалганаас Улиастай хүртэл 1600 км зайд хайгуул хийж чулуун зэвсгийн 80аад бууц илрүүлэн50 мянга орчим чулуун эдлэл олсон боловч хуучин чулуун зэвсгийн дурсгал олоогүй юм. Түүнээс хойш Монгол оронд явуулсан чулуун судалгааны үр дүнд 100 мянган жилийн тэртээх, 500 мянган жилийн тэртээх, 750 мянган жилийн тэртээх үеэс хүн нутаглаж байсны гэрч, тэдний хийж хэрэглэж байсан чулуун зэвсгийн дурсгалууд олныг нээж илрүүлэв. Монгол орноос одоогоор олдоод байгаа хамгийн эртний олдвор болох чулуун зэвсгүүд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Цагаан агуйнх юм. 1995 онд цагаан агуйд хийсэн малтлагын үр дүнд ашеллийн өмнөх үед холбогдох хусуур, хүнхэр иртэй зэвсэг, өвөрмөц хэлбэрийн ирэлсэн залтас, ялтас, үлдэц зэрэг чулуун эдлэлүүд олсон.Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт Уранхайрхан уулын орчим Нарийн голын 17р бууц, Ховд аймгийн Булган сумын нутаг Барлагын нолын 1 бууц, Үенч сумын нутагт Үенч голын 1 буудлаас олсон чулуун эдлэлүүд нь чулуун зэвсгийн доод полеолитын үеийн бүхий л шинж чанарыг агуулсан байв. Нэн эртний хүмүүст байгаль орчны байдал нөлөөтэй байсан бөгөөд Монгол орон доод палеолитын үед одоогийнхоос илүү чийглэг, дулаан уур амьсгалтай, гол ус, нуур, өвс ургамал ихтэй байсан бөгөөд арслан, заан,савагт хирс, бар, зэрлэг үхэр, адуу, буга, тэмээ, янгир, гөрөөс, тэмээн хяруул зэрэг амьтад нутаглаж байжээ. Дунд палеолитын үед хүний өөрийнх нь хувьсал хөгжилд ахиц гарч, тэдний чулуугаар зэвсэг хийх ур дүй сайжран харьцангуй овор багатай, хурц иртэй, нэлээд олон төрлийн зэвсэг хийдэг болжээ. Энэ үед холбогдох зэвсэг багажийн зүйлс Өмнөговь аймгийн нутаг Оцон мааньт, Арц богд, Өвөрхангай аймгийн Богд, Хархорин сумдын нутаг, Орхон-7 зэрэг газраас олдоод байна.

Дээд палеолитын үеийн /40000-15000 жил/ соёлт давхарга бүхий буудал сууринг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын ам, Төвшин ширээ, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Их Булган зэрэг газраас олж малтсан юм. Эдгээр малтлагаас төрөл бүрийн хусуур, зүсүүр, хутга болон говийн үлдэц зэрэг чулуун эдлэлүүд олдсон билээ.
Монголын нутаг дахь чулуун зэвсгийн үеийн хүмүүсйин ояуны соёлыг судлахад тэр үеийн хадны зураг чухал хэрэглэгдэхүүн болдог билээ.

Хойт Цэнхэрийн агуйн зураг Чулуун зэвсгийн үеийн зосон зураг Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойт Цэнхэрийн агуйгаас олдсон юм. Хйот цэнхэрийн агуйн цайвар хананд ан амьтад, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсэг зэргийг өтгөн улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан туяатай улаан шаргал өнгийн зосоор зуржээ. Агуйн хананд олон тооны тэмдэг, ан амьтдыг бие бие дээгүүр нь давхарлуулан зурсан байна. эдгээр амьтдын дотор эр хүйсийг цохон дүрсэлсэн тайван зогсч буй буганы зураг бүхнээс тод харагддаг. Мөн нэлээд зайтай тусд нь дүрсэлсэн данхар том эвэртэй хэрж зогссон одос бухны зураг буй. Агуйн мухрын зэрэгцээ нэгэн том буланд олон тооны амьтдын дүрсийг давхарлуулан зурсны дотор бух , янгир, заан, тэмээн хяруул зэргийг дүрсэлжээ. Мөн тэмээн хяруулын дээгүүр нэгэн энгээ олон толбо гаргаж зурсан нь сонирхолтой байна. Агуйн өөр нэгэн хонгилын хананд нэгэн товгор дээр зогсож байгаа хоёр бөхтэй тэмээг хоншоороо цааш харуулан их биеэрээ хажуу тийш харж байгаагаар дүрсэлжээ. Энэхүү тэмээний зурагтай хананаас холгүй 2-2,5 метрийн өндөрт олон тооны дүрс тэмдэг, мод зэргийг зурж урласан байна.

Чандмань хар үзүүрийн зураг Ховд аймгийн Буянт сумын нутаг Чандмань хар үзүүрийн хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж цоолборложээ. Эдгээр зурагт гол төлөв сүрэг аймтдыг тэгш толигор хаднаа дүрслэхдээ амьтны ерөнхий тэгийг хонхойлгон гаргах, амьтны дүрийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж урлах, амьтны ерөнхий тэгийг гаргаад улмаар цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлж их биений хэсэг хадыг хөндөлгүй орхих гурван барилыг хэрэглэсэн байна. Чандмань хар үзүүрийн хадны зургийн гол сэдэв бол ан амьтан бөгөөд үүнд адуу, үхэр, буга, аргаль, янгир голлох ба чоно, үнэг, могой зэрэг амьтдыг цөөвтөр дүрсэлсэн байна. Амьтдыг тайван тогтуун байдалтай ихэд сүрлэгээр дүрсэлсэний зэрэгцээ тэдгээр амьтдын эр эм хүйсийг тод томруун гаргахдаа басхүү сонирхолтой аргыг хэрэглэсэн. Жишээлбэл: Буга, үхэр, адууны эр хүйсийг танигдахаар дүрсэлж, гүү зэрэг эх амьтны хүйс эрхтэнийг бүс, харин унага төлтэй нь хамт дүрсэлсэн ажиглагдана. Харин эр амьтны хүйсний харалдаа доор үржлийг бэлгэдсэн утгатай дугуй хонхор гарган дүрсэлжээ.

Ишгэн толгойн хадны зураг Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан Хойт Цэнхэр, Урд Цэнхэр, Дунд Цэнхэр гурван гол Ховд аймгийн Манхан сумын төмийн орчимд нийлж урсах ба түүний хөндийд сумын төвөөс хойш хоёр километр орчим Ишгэн толгой оршино. Ишгэн толгойн хаднаа нийт 150 дүрс сийлсэнээс хүн нэг, адуу 18, үхэр 13, буга хандгай гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9, чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтны дүрс 53 байна. Энд амьтдын ерөнхий тэгийг хүрээлэн цохиж гаргах, бүх талбайг хонхойлгон цохих хоёр үндсэн арга барилыг хэрэглэн тухайн амьтны дүрсийг бодит байдлаар харуулахдаа яг байгаагаар нь харин онцлог шинжийг цохон бодитойгоор дүрсэлж зарим эрхтнүүдийг орхигдуулсан ч тохиолдоно.
Рашаан хадны зураг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хаданд палеолитын үеэс дундад эртний үед холбогдох олон зуун тамга тэмдэг, амьтдын зураг олон хэлээр бичсэн бичээсүүд хадгалагдан үлджээ. Рашаан хадны баруун талын нэгэн хаданд өндөр сэрвээ, богино бүдүүн хөл, урт хошуутай арслан зааны их биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн нь Уралын Каповой агуй болон Европын агуйнуудад дүрсэлсэн арслан зааны зурагтай тун төстэй юм. Бас нэг хавтгай хаднаа сүрэглэн яваа гурван савагт хирсийг дүрслэхдээ сүрлэг том биетэй, өндөр сэрвээтэй, богино хөлтэй, хоншоороос дээш ээтийж гарсан хамар дээрхи эвэр болон соёог онцлон үзүүлжээ. Рашаан хадны чулуун зэвсгийн буудлыг малтахад 2,5-3,5м гүн дөрвөн соёлт давхаргатай болох нь тогтоогдсон ба зөвхөн 1980 оны малтлагаас 2500 орчим чулуун зэвсэг хэд хэдэн төрлийн амьтны яс гарснаас 1,5м гүнээс савагт хирсний соёо олдсон нь дээрхи зургийн насыг тогтооход чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм. Дээд палеолитын үед Хэнтийн нуруугаар, тухайлбал Рашаан хадны орчимд амьдарч байсан эртний хүмүүс нутгийнхаа янз бүрийн цахиураар зэвсэг хийж хулан, арслан , заан, савагт хирс зэрэг амьтдыг агнаж амьдардаг байсан бөгөөд хад цохионоо тэдгээрийн дүрсийг урлан үлдээжээ.

Мезопит /Дундад чулуун зэвсэг/
Монголын мезолитийн үеийн /15000-8000жил/ дурсгалыг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хадны дээд давхарга, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дулааны говь, Сэлэнгэ аймгийн Ерөө гол, Баян-Өлгий аймгийн сагсай голын хөндий, Ховд аймгийн Хар ус нуурын сав зэрэг 50 орчим газраас олж судалсан байна. Мезолитийн үед Төв Азийн цаг агаар уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж, томоохон ан амьтад мөхөж, үүнтэй уялдан хүмүүс жижиг ан агнах, модны уян хатан чанарыг ашиглаж холын тусгалтай зэвсэг болох нум сумыг сэдэж хийсэн байна. Улмаар тэр үеийн хүмүүсийн амьдрал ихээхэн нүүдэл хөдөлгөөнтэй болжээ. Монгол нутгаас олдсон мезолитийн үеийн чулуун зэвсэгтэй ижил, тэр тусмаа “Говийн үлдэц” бүхий чулуун зэвсгийн дурсгалуудтай ижил олдворууд Өмнөд Сибирь, Алс Дорнод, Умард Хятад, Солонгос, Японы Хоккайдо арал, Умард Америкийн Аляск зэрэг нутгийн мезолитийн үеийн суурингаас олдож байна. Энэ нь мезолитийн үед Төв Ази, Монгол нутгаас дээрхи нутгуудад хүн очиж нутагласан “Их нүүдэл”-ийн бодит гэрч билээ.
Можоогийн хадны зураг Увс аймгийн Сагил сумын нутаг Можоогийн хаданд түүхийн олон үед хамрах 100 гаруй амьтдын зураг дүрсэлсний эртнийх нь мезолитийн үед холбогдох юм. Можоогийн нэгэн том толигор хаднаа хэд хэдэн том үхэр дүрсэлжээ. Тэдгээрийн дунд данхар том эвэртэй гоёмсог биетэй бухыг тайван зогсож буйгаар дүрслэхдээ биеийг нь зориуд тодоор гаргаж, дэлхийн палеолитийн урлагт өргөн дэлгэрсэн тэмдэг болох “амьтны үржлийг бэлгэдсэн” зууван дугуй хонхорыг бухны хүйсийн харалдаа доор урлажээ. Түүний доор анчин хүн мезолитийн үед анх үүссэн нум сумаар үхрийг толгой руу нь харваж буй ан агнуурын үйл явц ба үхэр хөтлөөд явж байгаа малчин хүний амьдралыг хамтад нь дүрслэн харуулсан байна. Энэ учраас Можоогийн хадны зураг нь Монгол орны мезолитын үед малыг гаршуулж ирсэнийг харуулах урлаг, түүхийн чухал дурсгал билээ.

Неолит /шинэ чулуун зэвсэг/
Монгол улсын нутагт явуулсан археологийн судалгааны үр дүнд неолитийн үед манай орны хангай, говь, хээр тал хаана ч хүн өргөн тархаж нутаглах болсныг гэрчлэх баримт олныг олж судалсан билээ. Эдгээр дурсгалууд эртний гол мөрөн, нуур, булаг шандны ойролцообайдаг нь юуны өмнө тэдний эрхэлж байсан аж ахуй, амьдралын шаардлага хэрэгцээтэй холбоотой ажээ. Тамсаг булаг, Овоотын суурингуудаас газрыг хонхойлон ухаж хийсэн хагас газар сууцны үлдэгдэл олдсоныг монгол, зөвлөлтийн археологчид малтан шинжилсэн юм. Тамсаг булгийн сууцны урт нь 7м 60см, нийт талбай нь 42,5 ам метр орчим хэмжээтэй бөгөөд зууван дөрвөлжин хэлбэртэй байжээ. Эртний хүмүүсийн бүтээж хэрэглэж байсан анхны сууц гэж үзэж болох энэ дурсгалыг малтахад говийн үлдэц, зуулга ир, цоолтуур, ялтас, билүү, чулуун шөвөг, хусуур, сумны зэв, чулуун иртэй ясан хутга, ваар , ясан зүүлт, бугын соёон зүүлт хясаа болон зэрлэг ан ба малын яс олджээ. Энэ нь палеолитын хүмүүсийн үйлдвэрлэл юуны урьп багаж зэвсэг нэлээд боловсронгуй болж, ваар сав, госл чимэглэлийг хийж өргөн хэрэглэдэг болсны гэрч юм. Хүмүүсийн амьдралд гэрийн мал улам чухал үүрэг гүйцэтгэдэг болсныг ч эндээс үзэж болно. Түүгээр ч барахгүй неолитийн хүмүүсийн ёс заншлын үзэгдлийн ул мөр бас байна. Монголд амьдарч байсан неолитийн үеийн овог аймгууд хүнээ нас барахад давчиг нүх ухаж дотор нь талийгаачийгаа атийлган явган суулгаж, улаан зосоор битүү булж оршуулдаг заншилтай байсан нь Дорнод аймгийн Баруун Өлзийт, Тамсаг булаг, Норовлин уул зэрэг газар неолитийн булшийг малтан шинжлэхэд тогтоогдсон юм. Булшинд оруулсан хүмүүсийн ясыг судалж үзэхэд бүгд монгол төрхийн хүн байжээ. Эртний хүмүүс нас бараад хйот насандаа өөр ертөнцөд очиж амьдардаг гэж ойлгодог байснаас хүний цусны өнгөтэй зосоор хучиж эдэлж хэрэглэж байсан багаж зэвсэг, гоёл чимэглэл зэргийг дагалдуулан тавьдаг байжээ. Энэ үеийн хүмүүсийн аж байдал , оюун санааны амьдралд гоёл чимэглэлийн урлаг чухал байр эзлэх болж эхэлснийг археологийн олдвор нотлон харуулдаг.
Мөн неолитын үед холбогдох урлагийн дурсгалын нэг төрөл нь зосон зураг юм. Өвөрхангай аймгийн их Цоорхойн агуй, Шурангын бичигт улаан хад, Арвайхээр хотоос баруун урагш, Төв аймгийн Зоргол хайрхан, Зуунмод, Баянхонгор аймгийн Цагаан агуй, Увс аймгийн Зураагийн Улаан хад зэрэг газраас босоо зураас, солбисон хоёр зурвас зэргийг олон тоогоор дүрсэлсэн өвөрмөц төрлийн улаан зосон зураг олджээ.

2. Хүрэл, төмөр зэвсгийн үеийн соёл
Эртний хүмүүсийн үйлдвэрлэл үеэс үед улам боловсрон ирснийг түүх нотолдог. Урьдын уламжлалт чулуу, яс модон зэвсэг байгажийн зэрэгцээ байгалийн цэвэр зэсийг ашиглан госл чимэглэл хөдөлмөрийн багаж зэвсгийг хийж хэрэглэж байсан зурвас үеийг хүн төрөлхтний түүхэнд энеолит буяу зэс чулууны үе гэж нэрлэдэг бөгөөд Монгол оронд оршин суугчид а.т.ө III мянган жилийн эхэнд энэ үеийг дамжиж ирсэн байна. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Төв зэрэг аймгийн нутгаас эртний зэс малтаж байсан ор, уурхай олдож тэмдэглэсэн байдаг.
Ойролцоогоор а.т.ө. II мянган жилийн тэртээ зэсийг хорголжин тугалгатай холин хайлж, хүрэл гэдэг нийлэг төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр манай орны хүрэл зэвсгийн үе эхэлжээ. Хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан зуух, хүрэл эдлэл цутгадаг хэв болон сумны зэв, хутга чинжаал, жадны гилбэр, ооль, шөвөг, хазаарын амгай зуузай, тогоо, товч, товруу, амьтны дүрстэй хүрэл эдлэл, гоёл чимэглэл Монгол орны нутгаас элбэг олддог бөгөөд тэдгээр олдвор манай олон музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүмүүс түүвэр олдвор, дөрвөлжин булш, хиригсүүр, буган хөшөө, хадны зосон зураг, хадны сийлмэл зураг зэрэг олон зүйлийн дурсгалыг үлдээжээ. Монгол нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршиж байсан овог аймгууд нас барсан хүнээ дөрвөлжин булшинд оршуулж, түүний эдлэж хэрэглэж байсан зүйлийг дагалдуулан тавьдаг заншилтай байжээ. Дөрвөлжин булшийг хүрэл зэвсгийн үе а.т.ө. II мянган жилийн сүүлчээс үйлдэж эхэлсэн боловч түүнийг төмөр зэвсгийн түрүү үеийг дуустал буяу а.т.ө. IIIзуун хүртэл үргэлжлүүлэн бүтээж байжээ. Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг Өвөрбайгаль, Өвөр Монгол, Манжуурын нутагт бас тархсан бөгөөд булшинд монгол төрхийн хүнийг оршуулсан байдаг.
Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн голомт нутаг хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгал юм. Гонзгой урт чулууг засаж, гурав зааглан оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон сүрэг бугыг дүрсэлж, тэдний доогуур бүс татаж, зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө гэдэг. Хөшөөндөө дайчин эрийн зэвсэг болох чинжаал хутга, билүү, байлдааны алх, нум саадаг, хоромсого, жад, бамбай, толь зэргийг дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон трөлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буяу зай завсраар адуу, ирвэс, янгир, зээр зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг. Буган хөгөө голдуу 1-4м гаруй өндөр 20-60 см зузаан, 60-80 см өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхэд зураг, цоолбор, сийлбэр, уран барималын аргуудын аль алиныг нь хэрэглэсэн байх ба олон хүмүүс ёслол үйлдэхэд зориулан ил задгай газар байрлуулсан сүрлэг баримал юм. Буган хөшөөг хэд хэдээр нь нэг дор босгож, тэднийг тойруулан хэдэн арваас зуу хүртэл тахилгын жижиг чулуун өрлөг, том дугуй далантай хирэгсүүр, булш, дөрвөлжин булш зэргийг байгуулж бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг бүрдүүлсэн байх нь олонтаа бөгөөд буган хөшөөг булш үйлдэхэд ашигласан зэргээс судлаачид түүнийг оршуулгын зан үйл, өвөг дээдсийн шүтэх шүтлэгтэй холбож тайлбарладаг юм. Буган хөшөө нь а.т.ө XII зууны орчим буюу хүрэл зэвсгийн үед Монгол нутагт анх үүсч улмаар төмөр зэвсгийн түрүү үеийг /а.т.ө. YII- IIIзуун/ дуустал бүтээж ирсэн дурсгал юм. Буган хөшөө нийтдээ 600 орчим олдож мэдэгдээд байгаагийн 500 гаруй нь Монгол улсын нутгаас, бусад нь Өвөр байгаль, Тува, Казахстан, Киргиз, ОХУ-ын Оренбург муж, Умард Кавказ, Хар тэнгис, Крым, Болгар, Германы Эльба голын хөндийгөөс тус тус олдсон байна. Монголын хүрэл зэвсгийн үеийн түүх соёлын нэг гол дурсгал бол хадны улаан зосон зураг юм. Хадны зосон зураг Улаабаатар хотын Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөл аймгийн Бичигт булаг, Толжийн боом, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Хүйтний голын бичигт хад, Хэнтий аймгийн Балжийн Хавцгай, Бичигт шугуй, Булган аймгийн Баруун могой гол, Орхон гол, Бичигт болон Буриадын Өвөр байгалиас олдож мэдэгдээд байна.Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгуудын хөгжлийг харуулсан томоохон дурсгал болхадны сийлмэл зураг юм.
Монгол нутагт оршин сууж байсан овог аймгууд а.т.ө YII- IIIзууны үед төмөр зэвсгийн түрүү үеийг дамжин туулсан юм. Төмөр зэвсгийн түрүү үе нь хүй нэгдлийн нийгмийн төгсгөлийн шат бөгөөд тэр үед хүмүүс төмрийн хүдрийг хайлуулах аргыг эзэмшиж төмрөөр хөдөлмөрийн багаж, байлдааны зэр зэвсэг үйлдвэрлэх болжээ. Төмрөөр хийсэн багаж завсэн хүрлээс илүү бат бөх, хурц уян харимхай чанартай бөгөөд төмрийг давтаж болдог зэрэг олон давуу чанартай төдийгүй хүдэр нь зэсийнхээс элбэг тархсан байдаг. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн өөрчлөлтүүд нь хүн байгалийг эзэмших боломжийг ихээхэн өргөсгөсөн ажээ. Тухайлбал газар тариалангийн хөгжил бүхий л талаараа сайжрах боломжтой болж, гар урлал, нэн ялангуяа төмрийн дарх, зэр зэвсгийн хөгжил ихэд түргэссэн бөгөөд гэр, сууц болон тэрэг, чарга зэрэг тээврийн хэрэгсэл янз бүрийн модон эдлэлийг хийх ажил ихээхэн боловсорчээ. Монгол орны түрүү үеийн өвөрмөц цогцолбор дурсгал бол Увё аймгийн Чандмань уулын булш юм. Чандмань уулнаа “дүнзэн бунхантай шороон булш” “жижиг чулуун хайрцган” булшинд хүмүүсийг олноор нь оршуулахдаа тэдний эдэлж хэрэглэж байсан хутга чинжаал, байлдааны алх, нум сум, шавар ваар, ноёл чимэглэлийн зүйлс зэргийг дагалдуулан тавьсан байдаг.
Төмрийн түрүү үед холбогдох өөр нэг дурсгал бол хадны сийлмэл зураг юм. Архангай аймгийн Чулуут гол, Хөрөөгийн үзүүр, Булган аймгийн Баруун могой, Орхон гол, Өвгөнт, Үүдэнт, Увс аймгийн Хандгайт, баруун зүүн дунд Турга, Ховд аймгийн Үзүүр хөх хад, Хонгиогийн гол, Хөшөөт Ямаан ус, Баянхонгор аймгийн Бугат, Бичигт, Говь-алтай аймгийн Цагаан гол зэрэг олон газрын хаднаас амьтдыг бодит байдлаар болон амьтны загварт урлагийн барилаар дүрсэлсэн олон зураг олдсон юм.
Арвин их бэлчээр нутагтай Монгол оронд мал аж ахуй хөгжих нэн тааламжтай нөхцөлтэй билээ. Бүр а.т.ө. II мянган жилийн эхнээс а.т.ө. I мянган жилийн тэргүүн хагас гэхэд Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй үндсэн аж ахуй болсныг бичгийн болон археологийн баримт харуулдаг. Нүүдлийн мал аж ахуйн үндсэн шинж нь нийт мал сүрэг байгалийн бэлчээрийг жилийн турш явж эдэлдэгт оршино. Хонь, адуу, үхэр, тэмээ, ямааг өсгөн үржүүлж мах, сүүг нь идэж ууж, арьс шир, ноос, хялгас зэргийг хувцас хунар, орон сууц, уналга хөсөгтөө өргөн ашиглах болжээ. Хонины ноосоор эсгий хийх болсон нь нүүдэлчдийн гэр зуурын үйлдвэрлэлд гарсан чухал ололт юм. Нүүдэлчдийн ахуй амьдралд адууны үүрэг асар их бөгөөд түүнийг уналага хөсөгт өргөн хэрэглэх болсноор тухайн нутаг бүрийн түгжигдмэл явцуу байдлыг эвдэж хөрш зэргэлдээ ба алс холын овог аймаг, ард түмэнтэй харьцах эдийн засаг соёлын харилцаа холбоо ихээхэн тэлжээ.
Манай ард түмний түүхэнд цэргийн ардчилал хүрэл зэвсгийн үед а.т.ө. II мянган жилд эхэлсэн боловч гол цэцэглэлт нь төмөр зэвсгийн түрүү үетэй тохирч байгаа бөгөөд улмаар Төв Азийн түүхнээ нүүдэлчин ард түмнүүдийн дунд анхны төр улсыг Хүннү нар байгуулсан нь а.т.ө. I мянган жилийн сүүлч болно. Энэ үед Төв Ази тухалбал Монгол нутагт нүүдэлчдийн угсаа, соёлын голомт бүрдэж, хожмоо Монгол угсаатан бүрдэх суурь тавигджээ.

1 comment:

  1. Би сая блог холбоос хийчихсэн шүү.

    ReplyDelete